Даатгал Супер Баатар болох нь

Даатгал хувь хүн, байгууллагад ямар ашиг тустай талаар хүн бүр тодорхой ойлголттой. Гэсэн хэдий ч өнөөдөр манай улсад даатгуулагчдын ихэнхи нь хуулийн хүрээнд, эсвэл бизнесийн аливаа хамтын ажиллагаа зэргээс шалтгаалан зайлшгүй шаардагдсан тохиолдолд л даатгалын үйлчилгээ авдаг байна. Бид аливаа эрсдэлийг өөрт нь тохиолдохгүй гэх сохор итгэлээр үл тоож, “ниргэсэн хойно нь хашгирдаг” нь харамсалтай. Зөвхөн 2016 онд гэхэд Монголчууд 1 их наяд төгрөгийг хохирлоо барагдуулахад зарцуулсан гэх тооцоо бий.

Гэвч даатгал зөвхөн даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх төдийгөөс төсөөлшгүй их ач холбогдолтой гэдгийг мэдэх үү?

  • Даатгал бол хамгаалалт, халамжийн тогтолцоо
    Даатгалын мөн чанар нь, тодорхой нэгэн эрсдэлд өртөх магадлалтай хувь хүн, байгууллагууд тус бүр тодорхой хэмжээний хураамж төлөн нэгдсэн сан үүсгэж, тэр сангаараа эрсдэлд өртсөн “азгүй” нэгнийхээ эрсдэлийг төлж, гай гамшгийг хамтдаа даван туулж байна гэсэн үг. Даатгалын салбар дэлхий даяар өлсгөлөн, ядууралтай тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа талаар НҮБ ч онцолсон байдаг. Жишээ нь, Германы Allianz хэмээх жижиг даатгалын компани, Энэтхэг болон Хятадад нийт 125 сая орлого багатай хөдөө аж ахуй эрхлэгчдийн ургац, мал сүрэгт учрах эрсдэлийг, мөн Африкийн орнуудын засгийн газруудын байгалийн гамшигийн эрсдэлийг даатгаж ажилладаг.
  • Эдийн засагт эерэг нөлөөтэй
    Хэрвээ даатгалын үйлчилгээ үгүй бол хувь хүн, албан байгууллагууд их хэмжээний мөнгийг тохиолдож болзошгүй эрсдэлийг даван туулахын тулд хадгалах хэрэгтэй болно. Харин даатгагчид даатгалын хураамжаас бүрдсэн нөөц сангийн тодорхой хувийг засгийн газрын төслүүдийг дэмжих, төрөл бүрийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулах зэргээр илүү үр дүнтэйгээр эргэлтэд оруулж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байдаг. Манай орны хувьд банкны зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээл хөгжихөд даатгалын салбар чухал нөлөө үзүүлэх бүрэн боломжтойг мэргэжилтнүүд онцолдог.
  • Нийтийн эрүүл мэндэд тустай
    Хувь хүмүүс санхүүгийн хүндрэлээс болоод эрүүл мэндээ орхигдуулж, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ авалгүй хойш нь тавих, огт авахгүй байх нь ч элбэг. Харин эрүүл мэндийн даатгалын хүрээнд олон нийтийн эрүүл мэндээ хамгаалахад нь саад учруулж буй санхүүгийн хүчин зүйлийг арилгаж байгаа юм. Үүнээс гадна эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг зарим даатгагчид идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох, урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдах зэрэг эрүүл зан үйлийг урамшуулан, дэмжиж ажилладаг.
  • Нийтэд учрах эрсдэлийг багасгадаг
    Даатгалын салбарынхан олон жилийн хугацаанд учирч болох төрөл бүрийн эрсдэлтэй ажиллаж, эрсдэлийг удирдах, урьдчилан сэргийлэх талаар маш их туршлага хуримтлуулдаг. Энэ туршлага дээрээ үндэслэн даатгагчид нь бизнесийн байгууллагуудад эрсдэлээ зөв удирдахад дэмжлэг үзүүлж, олон нийтийн эрсдэл дагуулдаг хандлагыг өөрчлөх зэргээр нийгэмд учирч болох нийт эрсдэлийн хэмжээг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэдэг.

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах