Kоронавирусийн халдвар (COVID-19)-ын эдийн засаг ба даатгалын салбарт үзүүлж эхэлж буй нөлөөлөл

Шанхай хотын худалдааны дүүрэгт масктайгаа үнсэлцэж буй хос. БНХАУ 2020.02.16 | Эх сурвалж: Aly Song / Reuters

Коронавирус дэлхий дахиныг цочролд оруулж өнөөдрийн байдлаар халдвар илэрсэн улс 48, нийт халдварласан 82,166, үүнээс нас барсан 2,804, эдгэсэн 32,830, эмчлэгдэж байгаа 46,532 (18% буюу 8,469 хүн хүнд байдалтай) хүн бүртгэгдээд байна.

Олон нийтийг хамарсан цар тахлын нийгэмд учруулах хор нөлөөг RO болон нас баралтын хувиар үнэлдэг. RO нь 1 хүн цаашид хэдэн хүнд халдвар тараах боломжтойг харуулсан тоо бөгөөд коронавирусийн хувьд энэ үзүүлэлт 2.2 байна. Өөрөөр хэлбэл халдвар авсан 1 хүн цааш 3–4 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Халдвар авсан нийт хүмүүсийн дунджаар 2.2 хувь нь нас барж байна.

Ази тивийн хувьд коронавирусийн тархалт БНХАУ-с эхлэлтэй бол Европ болон Америк тивийн хувьд Итали улс голомт нь болоод байна. Өвчний голомт, тархалт хурдацтай байгаа орнуудад зорчих, тухайн орноос ирэх урсгалыг улс орнууд ээлж дараалан хааж байгаа бөгөөд аялал жуулчлалын захиалгын цуцлалт дэлхий дахинд 90 хувьд хүрээд байгаа нь энэ салбарт үзүүлэх нөлөө ямар өндөр байгааг илтгэж байгаа юм.

Эмнэлгийн ажилчид тусгай хамгаалалтын хувцас өмссөн байгаа нь. Jinyintan эмнэлэг, Ухань хот, БНХАУ 2020.02.13 | Эх сурвалж: Feature China / Barcroft Media / Getty

Сүүлийн 30 жилд хэд хэдэн халдварт вирус гарсан бөгөөд эдгээрээс үүдэлтэй өвчлөлийн тухайд:

  • 2002 онд SARS CO-V (Severe acute respiratory syndrome). SARS-ийн анхны тохиолдол 2002 оны 12 сарын 16-нд Хятадын Гуанду мужид бүртгэгдсэн гэж ДЭМБ үздэг. Энэ халдвар 29 улсад тархан 8,437 хүн өвчилж, 813 хүн нас барсан. Сарьсан багваахайгаас дамжиж гарсан гэдгийг баталсан.
  • 2012 онд MERS CO-V (Middle east respiratory syndrome). MERS-ийн халдвар авсан хүний тоо 2012 онд 2,494 болж, 858 хүн нас баржээ. Эдгээрийн 2,102 тохиолдол нь Саудын Араб улсад бүртгэгдсэн. Тэмээнээс хүнд дамжиж халдсан халдвар юм.

Дээрх хоёртой харьцуулахад COVID-19 вирусийн тархалт хэд дахин илүү байгаа тул ДЭМБ цар тахлын хэмжээнд авч үзэхээр бэлтгэж байна. Коронавирусийн хувьд тархах чадвар өндөр, гэхдээ нас баралтын хувь бусадтайгаа харьцуулахад бага байгаа нь доорх графикаас харагдана.

Эх сурвалж: South China Morning Post

Цар тахлын хэмжээнд яригдаж буй уг вирусийн тархалт хүн амын дунд өвчлөл, айдас хүйдэс төрүүлээд зогсохгүй эдийн засаг, нийгмийн бусад салбарт нөлөөллөө үзүүлж эхнээсээ хямралын давлагаа гарч эхлээд байна.

  • IATA (International Air Transport Association) — Олон улсын агаарын тээврийн холбооноос зорчигчдын тооны бууралтаас үүдэн энэ жил дэлхийн нийтийн агаарын тээврийн орлого 29,3 тэрбум ам.долларын хохирол амсахаар болж байгааг зарласан.
  • Хятад улсаас бүтээгдэхүүний түүхий эд, материалаа хангадаг дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдож эхлээд байна. Үүнд бидний мэдэх Apple сэлбэг материалаа Хятад дахь нийлүүлэгчдээсээ авч чадахгүйгээс үүдэн iPhone утасны нийлүүлэлт эрс багасахыг зарласан бол автомашин үйлдвэрлэгч гигантууд болох Ниссан, Хьюндай үйлдвэрлэлээ зогсоох хэмжээнд тулаад байгааг хөрөнгө оруулагчдадаа дуулгалаа.
  • Газрын тосны хэрэгцээ дэлхий дахинд коронавирусийн нөлөөгөөр 435,000 баррелиар буурсан нь сүүлийн 10 жилд тохиолдож байгаагүй үзэгдэл болж үнэ нь 4%-иар уналаа.
  • Нүүрс зарцуулалт өвчлөл гарснаас хойш өнгөрсөн онуудтай харьцуулахад хэрхэн буурсныг доорх графикаас тодорхой харагдана.

  • Итали болон БНСУ-д коронавирусээр халдварлагсадын тоо огцом нэмэгдсэнээс үүдэн 2018 оноос хойш анх удаа S&P хувьцааны индекс өнгөрсөн даваа гарагт 3,4%-иар, NASDAQ 3,7%-иар тус тус унаж, эсрэгээрээ алтны үнэ сүүлийн 7 жилийн хамгийн өндөр үнэдээ хүрч, 1 сараас хойш 10%-иар өсөж удахгүй унц нь 1,700 ам.доллар давах төлөвтэй байна.
  • Ганцхан өдрийн дотор Apple, Facebook, Amazon, Google, Microsoft компанийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум ам.доллараар багассан байна.

Харин даатгалын салбарт коронавирус хэрхэн нөлөөлж байна вэ?

Даатгалын компаниудын үнэлгээгээр мэргэшсэн AM Best компанийн үзэж байгаагаар эрүүл мэнд, гэнэтийн осол, амь нас, гадаадад зорчигч, бизнес тасалдлын даатгалын эрсдлүүдийн тохиолдол өсөх хандлагатай болж ирж байгааг дурджээ. Ялангуяа бизнес тасалдлын даатгалын тохиолдол мянга мянгаараа даатгалын компаниудад ирж эхлээд байна.

Даатгалын компаниуд харилцагчидтайгаа уулзах, даатгалын борлуулалт хийх, даатгалын гэрээний сунгалт хийх боломжгүй болсноор төлөвлөсөн борлуулалтын орлогод хүрэхгүй болж байна. Түүнчлэн даатгалын компаниудын гол ашиг өгөөжөө хүртдэг хөрөнгө оруулалтын өгөөж дээр дурдсан зах зээлийн үзүүлэлтүүдийн уналтаас үүдэн буурахаар байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд сөрөг үр дүнг авчрахаар байна.

Энгийн үед хөл гишгих зайгүй байдаг гудамжны бүх үйлчилгээ зогссон. Ухань хот, БНХАУ 2020.02.13 | Эх сурвалж: Getty

Эрүүл мэндийн даатгалын хамгаалалтад “нийтийг хамарсан цар тахал, халдварт өвчний хамгаалалт” ороогүй буюу хасалтад байдаг. Гэвч Малайз, Сингапур зэрэг өвчлөл гарсан улсын даатгалын компаниуд эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүндээ дөрөвдүгээр сарыг дуустал өөрчлөлт оруулж, коронавирусийн халдвараар өвчилсөн бол нөхөн төлбөр олгохоор зарлажээ.

Хонконгийн даатгалын салбарыг зохицуулагч агентлаг зайнаас харилцаж цахимаар худалдан авсан даатгалын хураамжийн зардлыг даатгуулагчийн татвараас хөнгөлөх, даатгалын хураамжаа төлөх хуулийн хугацааг 180 хоног хүртэл сунгах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна.

Монгол улсын даатгалын салбарын хувьд дараах үр дагаврууд үүсэхээр харагдаж байна. Үүнд:

  1. Агаарын тээврийн компаниудын онгоц даатгалгүйгээр нислэг үйлдэх боломжгүй байдаг буюу албан журмаар даатгал хийдэг. Тэдгээр компаниуд коронавирусээс үүдэлтэйгээр БНХАУ, БНСУ, Япон, Тайланд зэрэг орон руу нислэгээ зогсоосноос үүдэн даатгалын хуваарьт төлбөрөө төлөх орлогын эх үүсвэр дутагдах, тасалдах эрсдэл бий болоод байна. Хэрэв даатгалын төлбөрөө төлөхгүй бол цаашлаад дотооддоо ч нислэг үйлдэх боломжгүй болох үр дагавар бий.
  2. Гадаадад зорчигчийн даатгалын төлөвлөсөн орлого 1–4 саруудад буурч бараг тэг болох нь тодорхой боллоо.
  3. Хил хаасан, нүүрсний хэрэгцээ БНХАУ-д хумигдсанаас энэ салбарын даатгалын хамгаалалт авах нь эрс багасаад байна.
  4. Зөвхөн нүүрсний салбар ч бус гадаад дотоодын ачаа тээвэр, ложистик, худалдаа үйлчилгээний салбарын даатгалын хамгаалалт ч үйл ажиллагаа тасалдсанаас үүдэн хойшлох, цуцлагдах нь нэмэгдэж байна.
  5. Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр даатгалын зах зээлийн нийт нөхөн төлбөрийн 25 хүртэл хувийг эзэлдэг. Энэ нь гадаадаас буюу ихэнхдээ БНХАУ-с орж ирэх сэлбэгээс хамааралтай байдаг тул хил хааснаас үүдэн сэлбэгийн нийлүүлэлт багасаж улмаар нөхөн төлбөрийн зардал өсөх дүр зураг харагдаж байна.

Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо, татварын байгууллагууд даатгалын салбарт үүсэж болох хүндрэлийг урьдчилан харж богино хугацааны зохицуулалт, хөнгөлөлтийг бий болгох талаар анхаарч ажиллах шаардлага бий болж байна.

Ашигласан эх үүсвэр :

www.ikon.mnwww.mnb.mnwww.mohs.mn , www.insurancejournal.com , www.asiainsurancereview.comwww.nyt.com , www.worldmeters.info,

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах