90 секундээс 12 минут

Судалгаанаас үзэхэд орон байрны хулгайн эрсдэлд дундаж давхаргын айл өрх илүүтэй өртдөг бөгөөд айлаас хулгай хийхэд хулгайч нарт 90 секундээс 12 минут л хангалттай байдаг. Дэлхий даяар орон байрны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт маш бага хувьтай байдаг нь харамсалтай. Жишээ нь Их Британид энэ үзүүлэлт дөнгөж 5%-тай, харин ОХУ-д 20%-тай байдаг. Манай улсын хувьд илрүүлэлтийн хувь харьцангуй өндөр ч, орон байрны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлт гарчээ. Тэгвэл эрсдэлээс гэр орноо хэрхэн хамгаалах вэ?

-Нохой: Хулгайчид нохойн дуунаар бусдын анхаарал татаж баригдахаас айдаг. Тиймээс нохой тань хуцдаг байхад л хангалттай.

-Гэрэл: Хэрвээ та хувийн байшинд амьдардаг бол хаалга, цонх, тагт, бусад орц, гарцууд тань тод гэрэлтүүлэгтэй байх хэрэгтэй. Хулгайчид харанхуй, хүмүүст харагдахгүй хаалга, цонхыг ихэвчлэн байгаа болгодог.

-Дохиоллын систем: Орон байрны хулгайчид гол төлөв халив, хутга, түлхүүр гэх мэт зүйлс ашигладаг бөгөөд энэ үед дохиоллын систем тань дуугарах болно.

-Эзгүй байгаагаа бүү мэдэгд: Дийлэнх орон байрны хулгай, халдлага зуны сард идэвхждэг. Энэ үеэр хүмүүс аялаад, амраад, зусландаа гарчихдаг болохоор хулгайчид энэ байдлыг сурамгай ашигладаг. Эзэнгүй эсэхийг нь мэдэхийн тулд сурталчилгааны хуудас хаалганд хавчуулах, наах үйлдэл хийж судалдаг. Хөршийн холбоогоо сайжруулах, ойр дотны итгэлтэй хүмүүстээ захихад илүүдэхгүй.

-Цахим аюулгүй байдал: Эд хөрөнгө болон гэрийн хаяг мэдэгдэхүйц зургаа цахим хуудсандаа хийх нь тийм ч сайхан санаа биш. Мөн найзын жагсаалтанд танихгүй хүн бүү аваарай. Төлөвлөж буй аялал, амралтынхаа талаар нийгмийн сүлжээнд дурсах хэрэггүй. Энэ бүхнээс тань гэртээ байхгүйг чинь төвөггүй мэдэх боломжтой.

-Урилгагүй зочид: Цонхоор хэн нэгэн ажиглаж байж мэдэх тул хөшиг, тьюлээ хааж харагдах орчинг хязгаарлаарай. Дуудаагүй байхад цахилгаанчин, слессарь ирвэл харьяалагдах газраас нь асууж баталгаажуулсан нь дээр.

-Түлхүүр хадгалах газар: Түлхүүрээ үлдээх бол тааварлашгүй газар сонгоорой. Шалны дэвсгэр гэх мэт хэн бүхний хялбархан олчих газар түлхүүрээ бүү орхи. Итгэлтэй сайн хөрштэй бол түүндээ үлдээхийг зөвлөе.

Ингээд та өөрийн орон байраа халдлага, хулгайн эрсдэлээс хамгаалах талаар бага ч болов мэдээлэл авлаа. Нэмж хэлэхэд эдгээр эрсдэлийг багтаасан, тохирох даатгалын бүтээгдэхүүнийг сонгож илүү найдвартай хамгаалалттай болох нь хамгийн ухаалаг алхам юм шүү.

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах