Яагаад АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ хэрэгтэй гэж?

Ажил олгогчийн хариуцлагын даатгал нь ажилтныг гэхээс илүүтэй ажил олгогчийг гэнэтийн өндөр хэмжээний зардал гарах, шүүхэд дуудагдан урт хугацааны сунжирсан маргаан үүсгэх болон байгууллагын нэр хүнд унах зэргээс сэргийлдэг. Дэлхийн дийлэнх улс орнууд хөдөлмөрийн харилцаанд ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажиллагсдын амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд нөхөн төлбөр, тэтгэмж олгохыг хөдөлмөрийн хууль болон бусад эрх зүйн баримт бичгээр хамгаалсан байдаг.

Манай улсын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно. Үүнд:

  • 97.1.1. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31–50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51–70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа;
  • 97.1.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа.
  • 97.2. Энэ хуулийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй.” гэж заасан байдаг.

Мөн Засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.3.-т “Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө.” 1.5.-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан, иргэнд анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэх, эрүүл мэндийн яаралтай шинжилгээ хийлгэх болон осол, хордлогын улмаас бий болсон аюултай нөхцөл байдлыг шуурхай арилган, судлан бүртгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч бүрэн хариуцна.” 7.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэх”-ээр зохицуулсан байна.

Статистик мэдээгээр үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдагчдын тоо 2016 онд 4,688 хүн байсны 75.7 хувь нь эрэгтэй ажиллагсад байсан. Эдгээр хүмүүсийн 65.3 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхай, 11.8 хувь нь барилга, зам тээвэр, холбоо, 6.6 хувь нь хөнгөн ба хүнсний үйлдвэр, 2.6 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад байна. Хүнд үйлдвэр, геологи, уул уурхай болон барилга, зам тээвэр, холбооны салбарт ажиллагчид ҮОМШӨ-өөр өвчлөх нь их, харин соёл, шинжлэх ухааны салбарт ажиллагчид харьцангуй бага өвчилсөн байна. 2016 онд 107.3 мянган хүн ердийн өвчин, ахуйн ослоор хөдөлмөрийн чадвар алдсаны 56.5 хувь нь эрэгтэйчүүд, 43.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 48.8 мянга буюу 45.5 хувь нь нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчид байна.

Иймээс ажлын байран дээр осол аваар гарах, мэргэжлээс шалтгаалах өвчлөл үүсэх, хурц хордлогод ажиллагсад нь өртөх магадлалтай салбар, байгууллагуудад нэг ажилтан дээр дээд тал нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх, шүүхийн маргаантай тохиолдолд шүүхээр явсан зардлыг нэмж олгох эрсдэлтэй юм. Олон улсын туршлагаар ажил олгогчийн зүгээс энэхүү гэнэтийн зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй тул ажил олгогчийн хариуцлагын даатгалаар шийдвэрлэдэг ба даатгалын зардал нь нэг ажилтны хувьд сарын цалингийн 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардлаар бүрэн хаах боломжтой. Нөгөө талаар ажил олгогчийн зүгээс ажиллагсдын өмнө хүлээх хариуцлагаа даатгалд шилжүүлж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаагаа сурталчилан таниулах боломжтой болно.

Байгууллага, компаниуд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн даатгалын санд тодорхой хувиар шимтгэл төлж даатгуулж байдаг. Энэхүү даатгалын сангаас ажиллагсдын тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар тvр алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, тэтгэврийн даатгалын шимтгэл болон даатгуулагчийг сувилахад ногдох тусламж vйлчилгээний хувьсах зардал зэргийг авах эрхтэй байдаг.

Тухайлбал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөр хөдөлмөрийн чадвар алдаж тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон бол ҮОМШӨ-ийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг хэдий ч тухайн гэмтлийг эмчлүүлэх эрүүл мэндийн байгууллагын зардал, эмчилгээний төлбөрийг тус даатгалын сангаас бүрэн гаргах боломжгүй юм. Тиймээс тухайн нэг удаагийн өндөр зардлыг Ажил олгогчийн хариуцлагын даатгалын сангаас гаргах боломжтой ба хувийн даатгалын сангаас ажиллагсдад гэмтэл бэртлээ эмчлүүлэх зардлаа төлүүлэх, улсын даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны тэтгэмжээ авах цогц хамгаалалт болох учиртай юм.

Ажил олгогчийн даатгалын үнэлгээ нь тухайн байгууллагад ажиллагсдын 12–36 сарын цалингийн хэмжээтэй тэнцүү байх ба даатгалын хураамж тооцоолол нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, эрсдэлийн түвшин, өмнө осол аваар гарч байсан эсэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан дүрэм журам, стандартыг мөрддөг эсэх зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Даатгалын үнэлгээг тооцохдоо ажилтны 12–36 сарын цалин дээр шүүхийн үйл ажиллагааны болзошгүй зардлын хэмжээг нэмж тооцно. Олон улсын дундажаар даатгалын жилийн хураамжийн хэмжээ даатгалын үнэлгээний 0.6–1.6 хувь орчимтой тэнцүү байна.

Энэхүү даатгалаар ажилтан зориудаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөөгүй, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байсан, ажилтны өөрийн эрүүл мэндээс шалтгаалсан хохирол, ажил үүргээ гүйцэтгээгүй буюу ажлын бус үеийн осол аваараас үүсэх хохирол зэргийг нөхөн төлдөггүй. Харин ажиллагсдын ажлын бус үеийн осол аваараас үүсэх эрүүл мэндийн хохирлыг ажиллагсдын гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал хамгаалдаг бол хэрэглэгч харилцагчид байгууллагын байр талбай, үйлдвэр дээр аливаа эрсдэлийн улмаас гэмтэх бэртэх тохиолдолд байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалаар хамгаалдаг болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах