Тээврийн хэрэгслээ даатгуулах 4 шалтгаан

Жолоочийн хариуцлагын даатгал хангалттай байж чадах уу?

Өглөө гараад иртэл машины чинь толийг аваад явчихсан, дугуйг тайлаад авчихсан, сэв, зураас үүсчихсэн байсан тохиолдол гарч байсан уу? Ямар ч арга хэмжээ авч чадахгүй бухимдаж, эд хөрөнгөөрөө хохироод л өнгөрөх нь харамсалтай санагддаг уу? Хэрэв тийм бол тээврийн хэрэгслийн даатгалын талаар бодож үзэх цаг болжээ. Өнөөдөр Улаанбаатар хотод үзлэг, оношилгоонд хамрагдсан 480.000 тээврийн хэрэгслийн ердөө 9% буюу 45.000 нь л тээврийн хэрэгслийн даатгалтай байна. Тиймээс тээврийн хэрэгслийн даатгал ямар үр өгөөжтэй байж болох талаар ярилцъя.

1. Зам тээврийн осол

Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд өдөрт дунджаар 400 орчим зам тээврийн осол бүртгэгддэг байна. Мэдээж бусдын буруугаас үүдсэн хохирлыг тухайн жолоочийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас барагдуулна. Харин чи алдаа гаргасан бол яах вэ? Өөрийнхөө машинд үүссэн эвдрэл гэмтлийг яах вэ? Алдаа гаргах үе хэнд ч байдаг шүү дээ. Ийм үед тээврийн хэрэгслийн даатгал л хэрэг болно доо.

2. Санхүүгийн хүндрэлээс сэргийлнэ

Автомашины засвар, үйлчилгээ гэдэг хямд зүйл биш. Ялангуяа ямар нэгэн осол, гэнэтийн шалтгаанаар том гэмтэл гарсан бол санхүүгийн хувьд хүндхэн тусна шүү дээ. Хөндлөнгийн хүчин зүйлээс болж орлогоосоо хомсолж, хуримтлалдаа гар дүрэх шаардлагатай байдалд хүрэхгүй байх хамгийн найдвартай арга бол мэдээж даатгал.

3. Санаа амар байж болно

Тээврийн хэрэгслийн даатгалд зогсоолын эрсдэл, хулгай, дээрэм, галын аюул, сантехникийн эрсдэл гээд бүх төрлийн эрсдэлийг даатгаж болно. Мэдээж даатгалтай байлаа гээд анхаарал болгоомжийг ор тас мартах хүн гэж үгүй ч, хүндхэн нөхцөл байдал үүсэхэд чи ганцаараа биш, үүссэн хохирлыг барагдуулах даатгалтай байна гэдэг сэтгэлд амар биш гэж үү?

4. Нэмэлт үйлчилгээ

Зарим даатгалын компаниуд даатгуулагчиддаа зориулан “автын түргэн тусламж” буюу дуудлагын засварын үйлчилгээ, хөнгөлөлттэй үзлэг оношилгоо болон засвар, ослын газраас тээвэрлэх үйлчилгээ зэрэг олон зүйлсийг санал болгодог. Машинд чинь жижиг эвдрэл гарсан үед замын голд яахаа мэдэхгүй зогсох шаардлагагүй болно л гэсэн үг. Мөн осол гарсны дараа ч даатгалын ажилтан танд зөвлөгөө өгч, ихээхэн тус дэм хүртэх боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах