ТА ЦАХИМ ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ЧАДДАГ УУ?

Заримдаа танд “Матрикс” кино амьдрал дээр ямар нэг хэмжээгээр биелэлээ олж эхэлж буй мэт санагддаг уу? Бидний оршин буй биет ертөнцөөс өөр цахим амьдрал нэгэнтээ бий болоод улам л хөгжин өдөр тутмын амьдралын маань нэг хэсэг болсон байна. Тэр цахим ертөнцөд зарим хүн яг өөрийнхөөрөө байж бусадтай харилцана, нөгөө хэсэг нь тэс өөр хүний дүр төрхөд хувилж өөрийг нь гэж танихын аргагүй зүйлс ярьж, бичнэ. Найзууд буу халахаас эхлээд, хоорондоо мөнгө төгрөг шилжүүлэх, зээл авах, даатгал хийлгэх, дэлгүүр хэсэх, тэр ч бүү хэл онлайнаар болзож кино үзэн, их сургуульд сурах мэтээр боломжгүй зүйл, хязгаар гэж бараг үгүй болжээ.

Биет ертөнцөд учирч болох аюулаас өөрсдийгөө хамгаалах нь хүн төрөлхтөнд олон зуун мянган жилийн турш дадал болсон зүйл. Ерөөсөө хүн төрөлхтний хөгжил эрсдэлээс сэргийлж, урьдчилан харж, амьд үлдэхийн тэмцэл байсаар ирсэн нь үнэн. Байгаль дэлхийн учруулж болох аюулаас өөрсдийгөө хамгаалах гэж гэр орон, хашаа хороо барьж, далан шуудуу ухах, харанхуйд бүдрээд уначихгүйн тулд гэрэл цахилгаан хүртэл бий болгох мэтээр зохион бүтээж буй бүхэн нь амьд үлдэхийн төлөөх төрөлх инстинктээр бий болсон нь тодорхой.

Гэтэл цахим орчинд учирч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зөн совин хүн төрөлхтөнд бүрэлдэж амжсан уу? Дэлхий нийт энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ? Монголчууд бидэнд энэ эрсдэл хир ойр байгаа бол?

Германы “Алианз” даатгалын компанийн судалгаагаар 2018 оны эрсдэлийн ТОП 10 жагсаалтад цахим эрсдэл 2017 оноос нэг байраар урагшилж 2 дугаар байр эзэлсэн байна.

Технологийн хөгжил амьдралыг хялбар болгож байгаа ч нөгөө талаасаа хоёр иртэй сэлэм шиг л болжээ. Нүүрээ уншуулан утсаа нээж, хурууны хээгээрээ банкны гүйлгээгээ хийж байгаа нь үсрэнгүй хөгжил мөн ч цахим гэмт хэргийн цар хүрээ, давтамж, арга нь улам нарийсч гэмт этгээдүүдэд хувь хүн, байгууллагын мэдээлэлд нэвтэрч хорт үйлдлээ гүйцэтгэх улам л олон төрлийн хувилбарыг давхар бий болгосоор.

АНУ-ын “Чабб” даатгалын компанийн цахим гэмт хэргийн талаар хийсэн судалгаанд хамрагдагсдын 80% нь цахим халдлагын талаар ямар нэг хэмжээгээр санаа зовниж явдгаа илэрхийлсэн. Гэхдээ ямар мэдээлэлдээ илүү санаа зовох хэрэгтэй талаар хүмүүсийн ойлголт тийм ч тодорхой байсангүй. Тухайлбал дийлэнх буюу 78% нь банкны мэдээлэлдээ илүү анхаарч санаа зовдгоо илэрхийлсэн байлаа. Мэдээж дансанд байгаа мөнгөө алдах нь хэн хүнгүй л хүсэх зүйл биш шүү дээ. Харин эмнэлгийн түүх, бүртгэлийн мэдээлэл тийм ч чухал биш буюу дөнгөж 27% нь энэ мэдээллээ алдахад санаа зовж буйгаа хэлжээ. Магадгүй та , би ч мөн адил ингэж л хариулах байсан болов уу.

Гэтэл дараах жишээнээс харахад хараахан тийм биш бололтой. Юу гэвэл, Жулиа хэмээх эмэгтэй жил бүрийн тогтмол шинжилгээ, үзлэг хийлгэхээр эмнэлэгт очжээ. Гэтэл хэдэн сарын дараа эмнэлгээс түүний мэдээлэл алдагдсан тухай мэдэгдэв. Гэхдээ түүний өвчний түүх, банкны данс зэрэг хэт эмзэг мэдээлэл алдагдаагүй зөвхөн цахим шуудангийн хаяг, эмнэлгийн сүлжээнд нэвтэрдэг нууц үг нь алдагдсан хэмээн түүнийг эмнэлгийхэн тайвшруулав.

Яг үнэндээ сүлжээнд нэвтэрсэн хакер Жулиа болон эмнэлгийнхнээс хувь илүү ухаантай нэгэн байлаа. Учир юу гэвэл Жулиа олон нууц үгэнд будлихгүйн тулд эмнэлгийн сайтад нэвтэрдэг нууц үгээ ихэнх зүйлдээ ашигладаг болж таарав. Улмаар хакер түүний сошиал хуудсанд нэвтэрч гэрийн хаяг, ажлын газар гээд бүхий л мэдээллийг нь цуглуулан нэгтгэж аваад түүний банкны данс руу орох боломжтой болж олон мянган долларыг нь хулгайлж амжжээ.

Хүмүүс хэт их мэдээлэл дунд мартамхай, уймраа болж байгаа тул сошиал сайт, интернет банк, элдэв гишүүнчлэлийн бүртгэл гээд бүхий л зүйлдээ нэг нууц үг ашиглах нь элбэг. Түүнийгээ солих нь барагтай л үгүй, нууц үгийн бүтэц нь өөрөө хэтэрхий олон янзын тэмдэгт оруулахыг шаарддаг нь тэр бүр шинэчлээд байх сонирхол үл төрүүлнэ. Тийм биш гэж үү?

Хакеруудад нэг сэжүүр байхад л түүнийгээ хөврүүлэн олон мэдээллийг нийлүүлж, логик дараалалд оруулсаар зорилгодоо хүрдгийг бүү мартаарай. Тиймээс та өөрийгөө цахим эрсдэлээс дараах хэдэн аргыг ашиглан тодорхой хэмжээнд сэргийлж чадах юм шүү.

1) Хамгаалалт бүхий аюулгүй цахим хуудас хэрэглэх — Вэб хуудас руу ороход тухайн хуудасны хаягийн урд бид бүгдийн тэр бүр анзаардаггүй “https” гэсэн хэсэг байдаг шүү дээ. “s” үсэг нь secure буюу аюулгүй, тухайн хэрэглэгчийн мэдээллийг кодолдог гэж ойлгож болно. Хэрэв “s” үсэг байхгүй бол тухайн сайт руу нэвтрээд хэрэггүй л болов уу.

2) Аппликейшн , үйлдлийн систем, програмуудаа тогтмол шинэчилж (update) байх — Гар утасны үйлдлийн системээ шинэчилнэ үү, аппликейшнээ шинэчилнэ үү хэмээн байнга л санал болгож байдаг нь цаанаа учиртай. Туршлагаас үзэхэд, мэдээлэл алдсан ихэнх тохиолдол шинэчлээгүй програм, үйлдлийн систем ашиглаж байгаагаас үүдсэн байдаг. Учир нь хакерууд үргэлж тухайн програмын сул тал, нүх цоорхойг судалж нэвтрэх арга заль зохиож суудаг ба програмын шинэ хувилбар нь тэдгээрээ нөхөж бөглөж байдаг гэж ойлгож болно. Хэн ч байшингийнхаа цонхыг онгорхой орхидоггүй шүү дээ. Түүнтэй л адил.

3) Сошиал медиа хэрэглээгээ зөв удирдах — Хүмүүс сошиал хуудсууд дээрээ хүүхдийнхээ зураг, нэр, төрсөн өдөр, төрсөн нутаг, нохойны зураг, нэр гээд бүхий л хувийн мэдээллээ тавьдаг шүү дээ. Гэтэл энэ нь хакеруудад сайхан өгөөш болж байдаг байна. Энэ дундаас таны нууц үгийг гаргаад авахад тэднээс нэг их ур чадвар шаардагдахгүй л болов уу. Тиймээс нийтэд харагдах тохиргоотой (public) мэдээлэл тавихдаа хянамгай байх, танихгүй, зураг хөрөггүй хүнийг найзаараа авахгүй байх хэрэгтэй.

4) Найдвартай нууц үг — Эцэг эх, хүүхдийн нэр, төрсөн өдрүүд, нохойн нэрийн аль нэг нь таны нууц үгэнд орсон уу? Нууц үг санахад амархан байх ёсгүй, харин олоход төвөгтэй байх ёстой. Ядахдаа 3 сардаа нэг удаа нууц үгсээ сольж байвал сайн. Нууц үгээ мартаад байдаг бол password management програмуудыг ашиглаад сурчихад их л дөхөмтэй шүү.

5) Олон нийтийн газар WiFi ашиглах — Кофе шоп, ресторан, ямар нэг арга хэмжээн дээр нээлттэй WiFi-д нэвтрэх нь хэвийн л үзэгдэл. Гэхдээ та холбогдохоосоо өмнө хэд хэдэн зүйлийг мэдэж байхад илүүдэхгүй шүү: а

– VPN буюу virtual private network аппликейшн татаж суулгаад ашиглах. Ингэснээр таны интернэт аяллыг нууцлах ба гаднын компаниуд ажилчид нь гадна орчноос дотоод сүлжээндээ ажиллах үед ийм төрлийн программыг хэрэглүүлдэг.

– Олон нийтэд зориулсан wifi — д холбогдож байхдаа интернет банк, пасспортын хуулбар, гэрийн хаяг гэх мэт мэдээллээ ашигласан аливаа зүйл хийгээд хэрэггүй л болов уу.

 Файл шэйр хийх тохиргоогоо унтраасан байх.

6) Мэдэхгүй имэйл — Мэйл харилцааг болгоомжтой ашиглах хэрэгтэй. Таны мэйл хаягаар хакерууд өгөөшүүдийг шидэж суудаг. Тэр ч бүү хэл харилцдаг банкнаас чинь ирсэн мэт, найзаас чинь явуулсан мэйл шиг харагдахаар ч байж болдог гэдгийг үргэлж санаж, аливаа мэйлийг нээхдээ болгоомжтой, нээсэн бол аливаа дарах товч, линк рүү орохгүй байхыг анхаараарай.

7) Вирус хамгаалалтын програм — Төлбөр төлж програм ашиглана гэдэг монголчууд бидний хувьд хараахан бүрэлдэж амжаагүй соёл байж магадгүй юм. Гэвч үүнээс зайлсхийснээр харамч хүн хоёр төлдөгчлөн илүү их хохирол амсах эрсдэл хэн хэний маань дэргэд бий.

Нэгэнт олон улсад цахим гэмт хэрэг, цахим халдлага нийтлэг зүйл болсон тул энэхүү төрлийн эрсдэлд зориулсан даатгалын бүтээгдэхүүн, хамгаалалтууд хэдийнээ бий болсон байдаг. Удахгүй Монголд ч энэ төрлийн хамгаалалтыг бий болгохоор Амар даатгалын хамт олон идэвхийлэн ажиллаж байгааг ташрамд дурдъя.

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах