НИЙГМИЙН ДААТГАЛЫГ ӨӨРЧЛӨХ ЭСЭРГҮҮ САНАА

Сүүлийн үед нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) 2020 оны 1 сарын 1-ээс өсөж байгаатай холбоотой иргэдийн болон ажил олгогчдын санал гомдол, бухимдал ихээр гарч, олон нийтийн сүлжээнд өөр өөрийн байр сууриа илэрхийлэх боллоо. Энэ талаар мэргэжлийн байгууллага (НДЕГ, ХНХЯ г.м) болон энэ чиглэлийн судлаачид мэргэжлийн байр сууриа илэрхийлэх, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл өгөхийг бид хүлээж байна.

Бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан судалж үзэхэд, манай улсын нөхцөл байдалд хийсэн тооцоо судалгаанд үндэслэн 1995 оноос хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын багц хуулиар НДШ-ийг 29%-иар буюу ажил олгогч 19%, ажилтан буюу даатгуулагч 10% төлж байхаар хуульчлан тогтоосон байдаг. Энэхүү хувь хэмжээг 2008 онд улс төрийн шийдвэрээр 21% болгон буулгасан нь урт хугацаандаа нийгмийн даатгалын нэг сан болох тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг алдагдуулах, сангийн алдагдлыг тогтмол өсгөх нөхцөл байдалд хүргэсэн. (Монгол улсын ДНБ-ий өсөлт тогтворжих үед, цалингийн өсөлтөөс улбаалан тэтгэврийн зардалд зориулах төсвийн татаасын хэмжээ 2015 онд ДНБ-ий 2.5% байх бол 2055 онд 6% болж өснө. Эх үүсвэр: Тэтгэврийн бодлогын шинэчлэлийн хувилбарууд, Дэлхийн банк, 2012.01.20)

Манай улс 2015 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг УИХ–аар баталсан. Тус бодлого нь хүн амын насны бүтцийн өөрчлөлт болон дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхдаа үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэх, тэтгэврийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлж, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зориулсан тусгай хөтөлбөрийг бий болгож, тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан. Энэхүү төрөөс баримтлах бодлогын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн багц хуулийг шинэчлэн боловсруулж өргөн барихаар төлөвлөн ажиллаж байгаа ба тухайн багц хуулийн нэг нь Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл юм.

“Энэхүү төрөөс баримтлах бодлогын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн багц хуулийг шинэчлэн боловсруулж өргөн барихаар төлөвлөн ажиллаж байгаа…”

Олонх иргэд одоо байгаа тэтгэврийн тогтолцоог бүрэн хуримтлалын болгох, өөрийн төлсөн шимтгэлээ ирээдүйд өөрсдөө авах тогтолцоог хүссэн байна. Гэхдээ манай улсын (дийлэнх улс орнуудад адил байдаг) тэтгэврийн тогтолцоо шимтгэлд суурилсан бус цалинд суурилсан (Defined benefit) тогтолцоо буюу одоогийн бидний төлж байгаа шимтгэл өнөөдрийн ахмад настны тэтгэвэрт хуваарилагдаж, ажил хөдөлмөр хийж байгаа 10 иргэний нийгмийн даатгалын шимтгэлээр 4–5 ахмад настны тэтгэврийн зардлыг бүрдүүлж байгаа систем юм. Мөн хүн амын дундаж насжилтаар тооцон эрэгтэй хүн тэтгэврийн насанд хүрэхээс өмнө нас барна гэх нь өрөөсгөл бөгөөд НҮБ-ын хүн амын хэтийн тооцоон дээр үндэслэн хийсэн Дэлхийн Банкны PROST тооцоогоор 2010 оны байдлаар 60 насанд тэтгэвэрт гарснаас хойших эрэгтэйчүүдийн дундаж наслалт 15.6 жил харин 55 насандаа тэтгэвэрт гарснаас хойших эмэгтэйчүүдийн дундаж наслалт 22.6 жил байна. Эдгээр үзүүлэлт нь 2050 он гэхэд 3.6 ба 4.5 жилээр тус тус нэмэгдэнэ гэжээ. Манай одоогийн тогтолцоо нь ахмад настан хэд наслахаас үл хамааран насан туршид нь тэтгэвэр олгох буюу амьжиргааны эх үүсвэрээр таслахгүй байх зарчимтай.

Defined contribution буюу шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын тогтолцоогоор өндөр шимтгэл хуримтлуулсан хүмүүс үлдсэн хуримтлалаа өвлүүлэх боломжтой нь давуу тал хэдий ч, манай өнөөгийн тогтолцоо нь “Таны төлсөн шимтгэлийн хуримтлал одоо дууслаа, та өөрөө учраа ол” гээд ахмад настнаа орхидоггүйгээрээ давуу.

Манай улсын хувьд өнгөрсөн 10, 20 жилийн хугацаанд инфляци өндөр байсан, иргэдийн дундаж цалин бага байсан зэргээс шалтгаалан ахмад настны Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан дундаж хэмжээ маш бага байдаг учир дийлэнх нь өндөр буюу сүүлийн 5 жилийн дундаж орлогоос 45% орчмоор тэтгэврээ тогтоолгож байна. Мөн жил ирэх тусам тэтгэврийн наснаас хойш тэтгэвэр авах дундаж хугацаа эрэгтэй, эмэгтэй аль аль нь тогтмол өсч байна.

“Defined contribution буюу шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын тогтолцоогоор өндөр шимтгэл хуримтлуулсан хүмүүс үлдсэн хуримтлалаа өвлүүлэх боломжтой нь давуу тал хэдий ч, манай өнөөгийн тогтолцоо нь “Таны төлсөн шимтгэлийн хуримтлал одоо дууслаа, та өөрөө учраа ол” гээд өндөр настнаа орхидоггүйгээрээ давуу.”

Нөгөө талаар, НДШ тогтмол өсч байгаа нь ажилтан болон ажил олгогчийн хувьд хүндрэлтэй, ажил олгогчийн хувьд үнэндээ ажилтны цалингийн зардал дээр нэмээд өндөр НДШ-ийн зардал гарч байгаа нь ажлын байр бий болгосноороо торгуулж байгаа мэт системтэй. Ажилтан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс давсан орлогодоо НДШ-ээс чөлөөлөгддөг бол ажил олгогчийн хувьд тийм чөлөөлөлт байдаггүй, ажилчдадаа өндөр цалин өгөх тусам өндөр шимтгэл төлдөг ч ажилтны тэтгэвэр тогтоох үед тухайн төлсөн шимтгэлийг оруулж тооцдоггүй.

Мөн төр баригч, хууль тогтоогчдын хувийн ашиг сонирхол, хэт улс төржсөн шийдвэрийн гайгаар нийгмийн даатгалын санг тогтворгүй байдалд оруулах, сангийн алдагдлыг улам нэмэх хууль тогтоомж, шийдвэрүүд гарсаар байна. Тухайлбал, малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995–2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж болдог буюу даатгалын үндсэн зарчмаас хазайсан хууль баталсан. (Жишээ нь Малчин А тэтгэвэр тогтоолгох насанд буюу 55 нас хүртлээ НДШ огт төлөөгүй. Шинэ хуулийн дагуу 10 жил нөхөн даатгуулахад 5 сая төгрөгийг нэг удаа нөхөн төлснөөр хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж, жилд 3.2 сая (сард 267.0 мянга) төгрөгийн тэтгэвэр авах боломжтой болно. Эх үүсвэр: 2020 оны Төсвийн тухай хуулийн төсөл). Мөн нийгмийн даатгалын сангийн орлого тасарсан үед ашиглах зорилготой НДС-гийн чөлөөт мөнгөн хөрөнгийг их хэмжээгээр нь үйл ажиллагаа нь доголдож буй банканд маш бага хүүтэй байршуулдаг, ажилтан болон ажил олгогчдын төлсөн мөнгөн хөрөнгийг хамгийн муу менежер болох төр удирддаг, ямар ч хариуцлага хүлээдэггүй хууль дүрэмтэй улс.

Иймээс, миний бодлоор манай улсын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх нэн шаардлагатай болсон. 2015 онд батлагдсан төрөөс баримтлах тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдэх тэтгэврийн багц хуулиудаа батлуулах, хэт популист хууль тогтоомж, дүрэм журмаа цэгцлэх, улс төрийн зорилгоор байнга шахуу ашигладаг малчдын тэтгэврийн асуудлыг одоогийн тэтгэврийн сангаас тусгаарлах, (малчид болон албан бус секторт ажиллагсдын хувьд заавал даатгуулах эсвэл төрийн татаастай сайн дураар даатгуулах тэтгэврийн тогтолцоонд хамрагдах сэдэл сонирхлыг төрүүлэх механизм бүрдүүлэх), төрөөс баримтлах халамжийн бодлогоо даатгалын тогтолцоотой холихгүй байх, ялгаж зааглах, Ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бололцоог хангах үүднээс улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн санг бий болгохыг хуульчилж төрөөс татварын болон санхүүгийн бодлогоор дэмжих зэрэг шийдвэртэй алхмуудыг хийх хэрэгтэй.

Өнөөгийн манай цалинд суурилсан тэтгэврийн даатгалын тогтолцоон дээр нэмж шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэх, ингэснээр олон шатлалт тэтгэврийн тогтолцоотой болох үүднээс ажилтан, ажил олгогчийн тэтгэврийн даатгалын санд төлж буй 19%-ийн тодорхой хувийг (жишээ нь: ирэх онд нэмэгдэж буй шимтгэлийг) ажилтан өөрөө сонгоод Хувийн тэтгэврийн санд төлөх хувилбар байж болох юм. Ажилтан болон ажил олгогчийн хувийн тэтгэврийн санд төлсөн шимтгэлээр ирээдүйн тэтгэврийн хуримтлал үүсэх, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх, ажилтан тэтгэврийн насанд хүрсэн үедээ нэг дор эсвэл хэсэгчлэн авах боломжтой байх, амь насаа алдсан бол ар гэр, үр хүүхдэд нь өвлөгддөг байх гэх мэт одоогийн манай тогтолцооны байхгүй давуу талуудыг нөхөх санаа байж болох юм. Үгүй бол одоогийн ийм өндөр НДШ төлж байгаа ажилтан сайн дураараа нэмээд хувийн тэтгэврийн санд мөнгө төлөх, тэтгэвэрт гартлаа 20–30 жил тэр санд мөнгөө түгжих сонирхол хир олон байх бол?

“Олон шатлалт тэтгэврийн тогтолцоотой болох үүднээс ажилтан, ажил олгогчийн тэтгэврийн даатгалын санд төлж буй 19%-ийн тодорхой хувийг (жишээ нь ирэх онд нэмэгдэж буй шимтгэлийг) ажилтан өөрөө сонгоод Хувийн тэтгэврийн санд төлөх хувилбар байж болох юм.”

Улс оронд хувийн тэтгэврийн сангууд үүссэнээр одоогийн санхүүгийн салбарын банк давамгайлсан бүтцийг илүү эрүүл, зөв зохистой харьцаатай болгоход тусална. Тэтгэврийн сангууд нь хөрөнгийн зах зээлийн томоохон хөрөнгө оруулагчид байдаг тул дагаад хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх гол хөшүүрэг нь болж, одоогийн Засгийн газрын бонд, ирээдүйд Улаанбаатар хотын бондыг худалдан авах боломжтой. Одоогийн банкуудын харилцах хадгаламжийн дундаж насжилт буюу тогтвортой байх хугацаа харьцангуй богино зэргээс банкууд зээлийн хүүгээ дорвитой буулгаж чадахгүй байгаа бол тэтгэврийн сангийн урт хугацаат хуримтлалууд хүүг буулгахад туслана. Ипотекийн зээлийн санхүүжилт болох үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 20–30 жилийн хугацаатай үнэт цаасыг авах гол худалдан авагч нь тэтгэврийн сангууд байна, түүнчлэн орон сууцны урт хугацаат зээлд хамрагдахад учирч буй урьдчилгаа төлбөрийн дутагдалтай байдлыг энэхүү тэтгэврийн сангаас баталгаа гаргах замаар шийдсэн Сингапурын туршлагыг ч хэрэгжүүлэх боломжтой.

Иймээс төрөөс тэтгэврийн шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлж эхлэх, эхний ээлжид ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүр хувийн тэтгэврийн данстай, тэтгэврийн хуримтлалтай болохыг дэмжих зорилгоор НДШ-ийн багахан хувийг өөрийн сонгосон хувийн тэтгэврийн санд хуримтлуулах боломжийг олгох, алсдаа тэтгэврийн хуримтлал нь зуршил болсон үед хувийн тэтгэврийн санд төлж буй шимтгэлээ сайн дураараа нэмэлтээр төлдөг тогтолцоонд шилжиж болно. Бид зээл олгож хэрэглээг дэмжих бус, хуримтлалыг дэмжих бодлогыг тууштай дэмжих цаг нэгэнт болжээ.

Т.Тэлмэн

Бизнес хөгжлийн газрын захирал

Ашигласан материал:

– Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай, УИХ-ын тогтоол #53 тоот, 2015.06.16-ны

– МУ-ын 2020 оны Төсвийн тухай хуулийн төсөл, https://mof.gov.mn/

– Тэтгэврийн бодлогын шинэчлэлийн хувилбарууд, Дэлхийн банк, 2012.01.20

– Хүн амын 2015–2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо, Үндэсний Статистикийн хороо, 2017 он

– Pension reforms in OECD countries https://www.cesifo.org/DocDL/dicereport109-db1.pdf

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах