Даатгуулахад төвөгтэй байна уу?

Ирээдүйд эрсдэл тохиолдоход гарз хохиролгүй даван туулах эсэх тань таны сонгосон даатгагч, байгуулсан даатгалын гэрээнээс шууд хамаарах учир даатгалын үйлчилгээ сонгож авна гэдэг нухацтай хандах ёстой чухал асуудал. Ойлгомжгүй, танил бус мэргэжлийн үг хэллэг, гэрээнд заагдсан олон нөхцлүүд зэргээс болоод ихэнх хүмүүсийн хувьд даатгалын үйлчилгээ сонгоно гэдэг амаргүй даваа мэт санагдах нь бий. Бодит үр өгөөжөө өгөх, өөрт тохирсон даатгалын үйлчилгээг сонгоход тань туслах энгийн хэдэн зөвлөгөөг хүргэе.

  1. Судалгаа хийж харьцуулах
    Өөртөө хамгийн тохирох үйлчилгээг сонгох эхний алхам бол мэдээж боломжтой хувилбаруудыг харьцуулан судлах. Даатгал гэдэг бол өөрийн ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт учраас цаг гарган сайн судлаарай. Түүнчлэн хамгийн хямд гэдэг нь хамгийн сайн нь биш гэдгийг санахад илүүдэхгүй.
  2. Үнэнч шударга байх
    Даатгалын үйлчилгээ бол даатгагч, даатгуулагч нарын хоорондын харилцан итгэлцэл дээр тогтдог. Үнэнч, шударга байх нь даатгалын хамгийн чухал зарчим. Тиймээс таныг ирээдүйн эрсдлээс хамгаалах гэж буй даатгагчид хэрэгтэй бүх мэдээллийг та үнэн зөвөөр өгөх ёстой. Та ямар нэгэн чухал мэдээллийг нуух, эсвэл худал мэдээлэл өгвөл энэ нь шударга бус, даатгалын үндсэн зарчмын эсрэг үйлдэл болно. Энэ тохиолдолд даатгалын компани таны даатгалын гэрээг цуцлах, нөхөн төлбөр олгохоос татгалзах бүрэн үндэслэлтэй байдаг юм шүү. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ.
  3. Гэрээг анхааралтай унших
    Бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол даатгалын гэрээг анхааралтай уншихгүй байх явдал. Гэрээнд ямар нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох, олгохгүй байхыг тодорхой зааж, даатгагч, даатгуулагч нарын эрх, үүргийг тодорхой заасан байдаг. Тиймээс даатгалын гэрээг сайтар уншиж, хянаад ойлгомжгүй зүйл байвал даатгалын мэргэжилтнээс асууж лавлаарай.
    Даатгалын бүх гэрээнд хамаарахгүй тохиолдол ч гэж бий. Жишээ нь, даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үед учирсан хохирол зэргийг ямар ч даатгалын гэрээ нөхөн төлдөггүй.
    Даатгалын гэрээний нөхцөлийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрснийхөө дараа л даатгалын хураамжаа төлөөрэй.
  4. Баримтжуулах
    Даатгалын байгууллагад нэхэмжлэл гаргахад хэрэг болох бүх зүйлийг сайтар тэмдэглэж, хадгалах нь чухал. Жишээ нь, эд хөрөнгийн даатгалд даатгуулсан эд зүйлийн (тавилга, цахилгаан бараа гэх мэт) төлбөрийн баримтыг хадгалаарай. Хулгайлагдсан зүйлс, машины осол, галын аюултай холбоотой цагдаа, замын цагдаа, гал унтраах ангийн гаргасан аливаа тайлангийн хувийг ч мөн хадгалах нь зүйтэй. Энэ нь даатгагчийн ч ажлыг хөнгөвчилж, таны ч цагийг хэмнэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах