Аяллын даатгал хэрэггүй ээ!

Аяллын даатгал авахаар сонирхож байгаа хүмүүс олон байгаа байх. Гэтэл аялалд явна гэдэг тийм ч хямд зүйл биш, тиймээ. Аяллын зардал дээрээ нэмж аяллын даатгалд мөнгө төлөх хэрэгтэй гэж үү? Заавал даатгалд хамрагдахгүйгээр аялсан ч буруудахгүй шүү дээ!!! Наашаа суу, яагаад гэдгийг нь хэлж өгье:

  1. Чи бол төмөр хүн

Чи бол төмөр биетэй, юунд ч ажирдаггүй лут амьтан байж таарна. Халуун хүйтэн, гал ус, хутга мэс, ер юу ч чамд нөлөөлөхгүй биз. Ийм байтал аяллын даатгалаар яах вэ дээ, тийм ээ? Тэр чинь махан биетэй, цусан нүдтэй, гэмтэж бэртдэг, өвдөж хавддаг эгэл жирийн л хүмүүст зориулагдсан зүйл.

2. Чиний цахилгаан хэрэгслүүд хэзээ ч эвдрэхгүй

Хэрвээ чиний Macbook усны, эвдрэлийн, хулгайн, хаягдаж үрэгдүүлэхийн эсрэг хамгаалалттай, хамгийн сүүлийн үеийн загвар бол даатгалын хэрэг гэж байхгүй дээ. Ер нь тэгээд бараг 3 сая, түүнээс ч дээш үнэтэй зөөврийн компьютер эвдрэл гэмтэл, хулгай дээрмийн хамгаалалттай л байлгүй дээ. Жил сараар шохоорхож, мөрөөдөж байж авсан камер чинь ч бас юунд ч ажрахгүй супер эд биз?

3. Нислэгийн талаар санаа зовох хэрэггүй

Нислэг хойшлогдох, цуцлагдах зэрэг асуудлаас болж төлөвлөгөө нурах, дараагийн нислэгээс хоцрох мэтийн асуудал чамд хэзээ ч тохиолдохгүй дээ. Нислэг болгон яг цагийн хуваарийн дагуу хөөрч, буудгаас хойш. Тиймэрхүү зүйл тохиолдсон ч чи ахиад л тийз авчихна, ганц сая орчим төгрөг чамд юу ч биш, тийм биз?

4. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу л явагддаг

Бүх зүйл төлөвлөгөөний дагуу л явагддаг шүү дээ. Төлөвлөгөөнөөс гадуур гэнэтийн осол, байгалийн гамшиг энэ тэр гэж юу байх вэ дээ. Тиймэрхүү зүйлсийг чамд урьдчилан мэдээлж, чи тэр хооронд ямар нэгэн арга сэдэж л таарна шүү дээ.

5. Чамайг хэн ч дээрэмдэж, эд зүйлийг чинь хулгайлж чадахгүй

Бэлэн мөнгө, кредит карт, бичиг баримтуудаа нэг дор хийчихээд явж байхад ямар ч эрсдэлгүй. Чи дэлхийн өнцөг булан бүрийг маш сайн мэддэг болохоор үргэлж 100% аюулгүй газраар л явна, хаанахын ч, ямар ч хулгайч, дээрэмчингээс сонор сэрэмж, овсгоо самбаа чинь чамайг аварна.

6. Чи унтаж, эсвэл томоотой зогсож байгаад л ирнэ

Аялна гэдэг бол уул хаданд авирч, мотоцикль унан давхиж, далайд шумбаж, параглайдаар нисэж, оуулнаас буухын нэр биш. Таньж мэдэхгүй хотын гудамжаар алмайрч алхах хэрэг ч байхгүй биз дээ? Чи арай тэгэх гэж аялдаг юм биш биз? Хаа нэгтээ томоотой гэгч нь зогсож, тухтай газар тайван унтаж байгаад л ирнэ биз дээ? Энүүхэн хооронд аяллын даатгалаар юугаа хийх вэ дээ?

7. Аяллын хугацаа богинохон

Тайван тухтай газар унтаж амарч байгаад л ирэхээс гадна, аялал хэдхэн хоногоос ганц хоёр сарын хугацаанд л үргэлжилнэ, тийм үү? Ийм богинохон хугацаанд заавал азгүй явдал тохиолдоно гэж юу байхгүй шүү дээ. Тиймээс дахин хэлье, аяллын даатгал хэрэггүй.

8. Ачаа тээш алга болох боломжгүй

Олон улсын нислэг хооронд болон нисэх буудлуудаас ачаа алга болсон, буруу тийшээ илгээгдсэн тохиолдол хэзээ ч гарч байгаагүй. Хэзээ ч. Тиймээс ер нь ачаа тээш алдагдах, хүлээгдэх гэх мэтийн дэмий ярианд итгэх хэрэггүй ээ.

9. Бид Эрүүл мэндийн даатгалтай

Бид чинь Монгол улсын иргэний хувьд Эрүүл мэндийн албан журмын даатгал төлдөг гэдгийг даатгалын компаниуд мэддэггүй юм болов уу? Нэгэнт эрүүл мэндээ даатгуулчихсан юм чинь, гадаадад аялах үеэр гарсан эрүүл мэндийн асуудлыг ч гэсэн зохицуулах байлгүй дээ.

Заа тэгээд, сайн бод, бод, бод…

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах