Анхны авто осол болон замын хөдөлгөөний дүрэм

Дэлхий дээр зам тээврийн ослоос болж өдөрт 4000 гаруй хүн амь насаа алдаж байна. Өнөөдрөөс яг 123 жилийн өмнө болсон зам тээврийн ослын анхны хохирогч хэн байв?

Бриджит Дрисколл гэх эмэгтэй нь авто машины ослоор амь насаа алдсан дэлхийн хамгийн анхны хүн болж тэмдэглэгдэн үлджээ. Уг осол 1896 оны наймдугаар сарын 17-нд Английн нийслэл Лондон хотноо болж байжээ. Эмэгтэйг зам хөндлөн гарах үед 13 километр цагийн хурдтай явж байсан автомашин ирж мөргөсөн нь түүний үхлийн шалтгаан болсон юм.

Бриджит Дрисколл

Тухайн үеийн гэрчүүдийн мэдээлснээр машин “их хурдтай” явж байсан гэжээ. Шинэ машинаа хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар туршиж байсан Англи-Францын хамтарсан автомашин үйлдвэрлэгч компанийн ажилтан, жолооч Артур Эдселл нь цагт 6 километрийн хурдтай явах ёстой байж. Гэвч тэрээр зөвшөөрөгдсөн хурдаа хэтрүүлсний улмаас осол гарчээ.

Хохирогч Дрисколл машин зам дээрх тэмдэглэгээг үл анзаарч зам хөндлөн гарч явсан бөгөөд автомашин чиглэн ирэхийг харсан тэрбээр барьж явсан шүхрээрээ өөрийгөө хамгаалах гэж оролдсон боловч амжилт олоогүй байна.

Хохирогчийн ар гэрийнхэн жолоочийн эсрэг гомдол мэдүүлж, шүүхэд хандсан боловч шүүхээс Бриджит Дрисколыг өөрийнхөө хайхрамжгүй байдлаас болж хохирсон гэх дүгнэлтийг гаргажээ.

Ташрамд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тээврийн хэрэгслийн хурдыг 5 км цагаар сааруулахад хохирогчийн амь насаа алдах эрсдэл 30 хувиар буурдаг байна.

Харин манай улсад анхны авто осол 1921 онд гарсан байдаг. Хачирхалтай нь тухайн үед улсын хэмжээнд ердөө хоёрхон автомашин байсан нь тэр өдөр хоорондоо мөргөлдөж таарчээ. Нэг машиныг нь Улаан Гэлэн гэх хүн 1920 онд оруулж ирэн, түүнийгээ Цэцэг Шагдар хэмээх хөдөө хүрээнд хэд хэдэн гуанзтай, ардын намын томчуудтай дотно нөхөрлөдөг, тэр үеийн баячуудын нэгд худалджээ. Харин нөгөө машин нь манай оронд судалгаа хийхээр ирсэн газарзүйч эрдэмтэн Д.Эндрюс унаж иржээ. Тэрээр эрдэм шинжилгээний ажлаа дуусган буцахдаа машинаа Богд хаанд бэлэглэсан байна. Харин Богдын жолооч буриад Бадам гэх хүн энэхүү машиныг унаж яваад Монгол улсын анхны авто ослыг гаргасан нь түүхэнд ийн тэмдэглэгджээ.

Харин дээрх хоёр чухам яаж яваад машинаа мөргөлдүүлсэн талаар тодорхой мэдээлэл үлдээгүй ч Цэцэг Шагдар хожим өнөө машинаа Судар бичгийн хүрээлэнд бэлэглэсэн байдаг. Өөр нэгэн эх сурвалжид 1921 онд улсын хэмжээнд 22 машин бүртгэгдэж байсан тухай бий.

Харин манай улсын хувьд авто ослын улмаас амь насаа алдсан анхны тохиолдол нь цэргийн албан хаагч Дамчаа гэх хүн байжээ. Тодруулбал 1923 онд Хятад пүүсийн жолооч Броншейн гэгч согтуугаар машин жолоодож яваад түүний амь нас хохироожээ. 1925 онд мөн л Хятад пүүсийн жолооч Ты Юань Күй нь пүүсийн машинаа унаж яваад хашааны гадаа тоглож байсан Долгорсүрэн гэх охиныг дайрсан байна. Түүнчлэн мөн онд Оросын Центрсоюз гэх хоршооны машин, Шавь яамын жолооч Загдын унаж явсан машинтай мөргөлдсөн, Цэргийн яамны жолооч Сыциков хэтэрхий хурдлан давхиж яваад Дотоод явдалын яамны туслах түшмэл Цогбадрахын хүү Доржготовыг дайрч хүнд бэртээсэн хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Тухайн үед эдгээр цөөн хэдэн машин гол төлөв Орос, Хятадын худалдаа наймааны пүүс, компанийн өмч байсан бөгөөд Хиагт, Их хүрээ, Чуулалт хаалга гэсэн чиглэлийн дагуу худалдааны тээвэрт хаа нэг явдаг байсан байна. Манайд тогтсон чиглэл бүхий дардан зам, замын хөдөлгөөний дүрэм болоод зохицуулагч аль аль нь байсангүй.

Улмаар Өргөө, Хаалганы замаар авто тээврийн байнгын харилцаа тогтож эхэлснээр манай улсын нутаг дэвсгэрээр зөвхөн гадныхан гэлтгүй өөрсдөө ч машинаар зорчих урсгал нэмэгдэх болж. Ардын засгийн газар шинэ тутам байгуулагдсан, машин тэрэг явж эхлээд ч төдийлөн удаагүй, ард иргэд гудамж, замаар эмх замбараагүй зорчиж байснаас үүдэлтэй зам тээврийн осол, гэмтэж бэртэх хүний тоо ч ихсэх болжээ. Гэвч энэ мэт хэрэг явдлыг хэрхэн шийдэхийг мэдэхгүй л байлаа.

Нэгэнт гарсан осол, хэргийн буруутай эзнийг тогтоох, хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадахгүй байгаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд төр засгийнхан холбогдох дүрэм, журмыг нэн даруй боловсруулан гаргах нь зүйтэй гэж үзсэнээр Монгол улсын анхны замын хөдөлгөөний дүрмийг боловсруулж эхэлсэн. Тухайлбал, 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан Засгийн газрын 18 дугаар хурлаар “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм” нэртэй 21 зүйл бүхий манай улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм батлагдсан түүхтэй.

Анхаарал хандуулж уншсанд баярлалаа.

Г.Мөнхбаяр
Нөхөн төлбөрийн менежер
Амар Даатгал

Сэтгэгдэл үлдээх

Таны үлдээсэн имэйл хаяг сэтгэгдэл хэсэгт харагдахгүй.

Хуваалцах

Тухайн мэдээний линкийг хуулах

Хуулах